Корпорацийн засаглалын эргэн тойронд

Уламжлал ёсоор Германд үйлдвэрчний эвлэл корпорацийн удирдах зөвлөлд суудалтай байдаг. Харин Японд тухайн компанид насаараа үнэнч шударга ажилласан олон тооны менежерүүд карьерээ ТУЗ-д орж дуусгавар болгодог. Энэтхэгт тухайн бизнесийг үүсгэн байгуулсан гэр бүл голдуу корпорацийн удирдах зөвлөлийг хянадаг. Урд хөршид коммунист намын төлөөлөл удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Үүнээс харахад улс үндэстэн бүр өөрийн ёс заншил, хэл соёл, хоол хүнсийг хадгалж, хөгжүүлж ирсэн шигээ өөрсдийн гэсэн онцлогтой корпорацийн засаглал ба удирдах зөвлөлийн бүтцийг бий болгож хамтын бизнест ашиглаж байна. Хятад улсын хувьд ТУЗ-д орсон хараат бус захирал нь хуульч, нягтлан бодогч, профессор мэргэжилтэй байх бөгөөд зөвхөн мэргэжлийн буюу техникийн асуудалд туслахаас биш Америкийн компани дахь хараат бус захирал шиг менежмент, стратегийн чиг баримжаатай чухал асуудалд оролцдоггүй байх жишээтэй. 

Өнөө үед дэлхий даяар АНУ-д үүсч бий болсон корпорацийн засаглалын загварт нэгдэх, түүнийг авч ашиглах компаниудын тоо улам бүр нэмэгдэж байна. Гэхдээ Enron, WorldCom-ын шуугиан нь Америк загвар төгс биш гэдгийг харуулсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын стандартыг хэрэгжүүлэх нь тухайн компанийн гадаад захаас хөрөнгө татах болон бусадтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг. Корпорацийн засаглалын үндсэн тулгуур нь ил тод, хариуцлагатай байдал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэл байдаг.

Удирдах зөвлөлийн зохион байгуулалт нь корпорацийн засаглалын гол цөм. Гүйцэтгэх удирдагаас хараат бус, бие даасан удирдах зөвлөл, хороо /Томилогоо, цалин хангамж, хянан шалгалт хариуцсан/-той байх загвар нь дэлхий нийтээр зорьж байгаа хэлбэр юм. Мөн удирдах зөвлөлийн дарга, CEO албан тушаалуудыг салгах санаачлага өрнөж байна. Хүчтэй, бие даасан удирдах зөвлөл нь урт хугацаанд илүү сайн удирдлагын хариуцлагатай байдал, үйл ажиллагааны гүйцэтгэлийг бий болгодог.

Ирээдүйд хамгийн тохиромжтой удирдах зөвлөлийн бүтэц нь 10-15 гишүүнтэй, 3-4 гол хороотой байна. Сайн засаглал нь хөрөнгө оруулагчийн сонирхолыг илүү татдаг. Дэлхийн хаа нэгтээ суугаа хөрөнгө оруулалтын менежер засаглалын шилдэг туршлагыг хэрэгжүүлж байгаа компанийг тэргүүн ээлжинд судлаж, хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг нь хэнд ч ойлгомжтой. 

Монгол улсын хувьд
Үндэсний томоохон корпорациудыг байгуулах, олон улсын хөрөнгийн зах, хөрөнгө оруулагчаас хөрөнгө татах ажил нь монголчуудын хувьд хүч сорьсон, амаргүй ажил байх болно. Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоглоомын дүрмийг дагах өөрөөр хэлбэл корпорацийн засаглалын шилдэг туршлагыг нутагшуулах, хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Үүнд биднийг бэлдэх, гадаад хөрөнгө оруулагч, зээлдэгчийг хамгаалах үүднээс гадныхан “Компаний засаглалын хөгжлийн төв”-ийг байгуулж бидэнд сургалт, зөвлөгөө өгч байна.

2007 оны 12 сард "Монголын компанийн засаглалын кодекс"-ыг СЗХороо баталсан байдаг. Тушаалаас харахад энэхүү кодексыг хувьцаат компаниуд заавал мөрдөх шаардлага байхгүй. Гадаад захаас “Онц” дүн авахын тулд дотоод зах дээрээ ядаж бид “Дунд” дүн авах хэрэгтэй. Монголчуудын ам, ажил хоёр их зөрдөг. Хөрөнгийн зах, хувьцааны зах зээлийг хөгжүүлнэ гэж их ярьдаг ч бодит байдал дээр хөгжлийг нь шууд багалзуурдсан. Юу вэ гэвэл харьцангуй үйл ажиллагаа нь сайн, тогтворжсон хэмээн тооцогдож байсан Зоос, Анод банкны IPO, тэдгээрийн дампуурал дөнгөж сэргэж байсан хөрөнгө оруулагчдын итгэлийг юу ч үгүй хийсэн. Одоо шинээр үүсэж байгаа болон бусад хувьцаа гаргах сонирхолтой компаниудын хувьд дотоодоос хувьцаагаар хөрөнгө татаж төвлөрүүлнэ гэдэг амаргүй даваа байх болно. Зөвхөн  хувьцаат компани ч биш бүх түвшин /Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, бусад/-д сайн засаглалын үндэс ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ байдал үгүйлэгдэж байна.

Шигтгээ
Алсыг харсан, ул суурьтай бодлого тодорхойлох, баталсан бодлого, хуулиа мөрдөж, мөрдүүлж чаддаггүйн гайгаар сүүлийн үед бид байнга бусдын идэш болох болсон. Бид саяхан Монгол улсад бүртгэлтэй Айвенхоу Майнз Монголиа Инк компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 34 хувь эзэмшихээр болсон. Энэ тохиолдолд бид жижиг хувь эзэмшигч. Бидний эрх ашгийг хэн, яаж хамгаалах вэ? Монгол талаас ТУЗ-д суух 3 гишүүн үү?...гэвэл мэдээж үгүй. Учир нь 3 гишүүний эрх мэдэл дутах учраас сонирхолын зөрчилтэй асуудал /Удирдлагын багийн хэт өндөр цалин хангамж, гэрээ хэлцэл, өртөг зардал өсгөж ашиг багасгах аливаа санаачлага/ дээр яаж ч чадахгүй байх магадлал өндөр.

6 Сэтгэгдэл:

Anonymous 4/20/2010 7:33 AM  

Ter ulsuudiin ontslogiig tsaash n ikh sudluushtai yum bn shu. Tnks

Anonymous 4/20/2010 10:57 AM  

Medeellee ymar udaan shinechildeg ymaa. hiibel hiisen shig hiibel zygeer de uul ni

www.ceo.mn 4/20/2010 11:06 AM  

Manaihaar zochilj baigaad ikh bayrlalaa. Oir oirhon update hiih talaar hicheeh bolno.

Anonymous 4/20/2010 6:24 PM  

shaaj ugdug garuu gui yu. Governance gj yu gsn ugiin gedegee medehgui bjiij hamaagiu sedev barij avaad suuliin ueiin medeelleer hachirlaad deerees ni uls turiin uner hanhluultsan bhii, zasaglal gdgiig chinii unshsan nimgen soningoos oilgochihdog yum bish huuhdee, yun china markiin zasaglaluudee yadaj bhad, doroi amitan

Зочин 4/22/2010 9:02 AM  

Дажгүй агуулгатай сайт байна. info@ceo.mn рүү чинь майл явуулсан. Хариу хүлээж байна.

Baljaa 9/21/2010 12:40 PM  

Sanaa avah zuil bn. Khurungiin zah, IPO chigleleer sonirholtoi zuil bichvel uul n zugeerdee

Хэн юу хэлэв

Нийтлэлүүд

CEO.MN

Зорилго
Эдийн засаг, бизнес, СЕО-г тойрсон асуудал /гадаад болон дотоод/-аар ажиглалт, судалгаа хийж олсон шинэлэг санаа, мэдлэг, мэдээлэлээ таньтай хуваалцана.
Баримтлах зарчим
- Бүгдийг бус чухлыг нь нийтлэнэ.
- Уншигчийг хүндлэх үүднээс олон баннер байршуулахгүй.
- Аливаа спонсор, хамтын ажиллагаанд нээлттэй байна.